Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаа оюутнууд, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэргэжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээх, олж авах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулахад бэлэн боллоо. Та бүхэн таалан болгооно уу!

МУИС-ийн ОРХОН СУРГУУЛЬ

МУИС-ийн Орхон сургууль 1992 онд Эрдэнэт хотноо МУБИС-ийн харъяа ГХД сургууль нэртэйгээр дээд боловсрол олгох “анхны” сургалтын байгууллага болох шанг татсанаас хойш 20 намартай золгожээ. Англи, Орос хэлний багш, орчуулагч мэргэжилтэн бэлтгэж сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж  байсан бол өнөөдөр хэл, эдийн засгийн чиглэлээр 19 мэргэжлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг, МУИС-ийн нэрийг орон нутагт өргөж яваа бүрэлдэхүүний сургууль болон өргөжсөн байна.
                Тус сургуулийн эдийн засгийн салбар байгуулагдаад анх нягтлан бодогч мэргэжлээр сургалтын гараагаа эхлүүлсэн нь өнөөгийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим байгуулагдах үндэс суурь нь болжээ. МУИС-ийн Орхон сургуулийн үүсч хөгжсөний 20 жилийн түүхт ойн энэ цаг мөчид нэгэн хамт олон сургуульдаа бүл нэмсэний 10 жилийн он тоолол давхцаж байгаа нь  Нягтлан бодох бүртгэлийн тэнхим юм. Нягтлан бодох бүртгэлийн тэнхим байгуулагдсанаас өнөөг хүртэлх хугацаанд сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэн өөрсдийн мэдлэг оюун бүхнээ харамгүй зориулан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа багш нарын гавъяат үйлсийг, мэргэжилдээ дуртай идэвхийлэн суралцаж буй оюутнууд, сургуулиа амжилттай дүүргэж амьдралд хөл тавьсан төгсөгчдийн ажил сурлагын өнөөгийн амжилтыг улам бататгасан их ирээдүй бидний өмнө байгаа билээ. Бид бүхний бичилцсэн 10 жилийн түүхийн хуудас энэ хүрээд зогсохгүй  он удаан жилийн зузаан түүхийн дөнгөж эхлэл болж байна. Өнгөрсөн түүхийн хуудаснаа аялж ирээдүйг тамгалцгаая.

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн хөгжил, өнөөгийн байдал
НББ-ийн тэнхим 2012 он
 Тэнхимийн үүсэл, хөгжлийн товчоон
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь МУИС-ийн Орхон  сургуулийн Эдийн засгийн салбарын ууган хоёр тэнхимийн нэг бөгөөд “Олон улсын стандартад нийцсэн онолын болон практик мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, мэдээллийн технологийг ашиглан бүртгэл-санхүүгийн мэдээллийг бүрэн боловсруулах чадвартай, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.“ гэсэн эрхэм зорилготойгоор 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа бөгөөд МУИС-ийн Орхон сургууль[1] нь Гэгээрлийн сайдын 2000 оны 05-р сарын 18-ны өдрийн 194 тоот, “Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлийн ангийг нээн 2000-2001 оны хичээлийн жилд 57 оюутан элсүүлж сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Шинээр элссэн 57 оюутны нэг нь ОХУ-ын иргэн Серов Алексей(одоо Испани улс дахь ОХУ-ын Консулын газар ажиллаж байгаа) байсан нь тус сургуулийн эдийн засгийн салбарын болоод “Нягтлан бодох бүртгэл” мэргэжлийн анхны гадаад оюутан байлаа.
“Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлийн ангийг нээхэд тухайн үеийн захирал Н.Нансалмаа (одоо МУИС-ийн ГХСС-ийн Слав судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор), сургалтын албаны дарга Б.Даваасүрэн нар тухайн үеийн Гэгээрлийн Яамаар ихээхэн хөөцөлдөж байсан төдийгүй, мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Сангийн Яамнаас авахад  Б.Сайнжаргал багш (МУИС-ийн ЭЗС-ийн НББ-ийн багш, доктор, профессор), Гэгээрлийн Яамнаас шинээр анги нээх зөвшөөрөл авахад тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан Д.Энхтайван нар ихээхэн тус болсон гэдэг.
Уг хичээлийн жилд “Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлийн ангид ерөнхий эрдмийн суурь хичээлүүд заагдаж байсан бөгөөд тус сургуулийн эдийн засгийн салбарын анхдагч багш нар болох Н.Цэрмаа[2], А.Батдаваа[3]нар Орос хэлний тэнхим (одоогийн Гадаад хэлний тэнхим)-ийн бүрэлдэхүүнд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байжээ.
2000-2001 оны хичээлийн жилд эдийн засгийн салбарын хоёр багш маань мэргэжлийн ангиудад хичээлээ заахаас гадна багш Н.Цэрмаа мэргэжлийн бус буюу хэлний салбарын ангиудад “Эдийн засгийн онол” хичээлийг, багш А.Батдаваа “Цахим тооцоолуурын үндэс” хичээлүүдийг зааж байжээ. Түүнчлэн Н.Цэрмаа багш мэргэжлийн бус ангийнханы сургалтанд зориулж “Эдийн засгийн онол” хичээлийн гарын авлагыг боловсруулан хичээлдээ ашигладаг байсан ба одоо ч уг гарын авлага манай сургуулийн номын санд нилээд хуучирсан, ганц хоёр тоотойгоор байдаг юмаа.
Н.Цэрмаа багш анх ажилд ороод буюу 1999 онд цагаар хэлний ангиудад хичээл заах(Н.Цэрмаа багш 1999 онд мэргэжлийн бус ангид “Эдийн засгийн онол”, “Маркетингийн үндэс”, “Менежментийн үндэс” зэрэг хичээлүүдийг заадаг байжээ.)-аас гадна сургалтын албаны мэргэжилтний ажлыг хэсэг хугацаанд хийж байсан бол А.Батдаваа багш бас ирээдхичээл заахын сацуу бас давхар оюутны дотуур байрны багш, “дотуур байрны тусгай салаан захирагч”-ийн үүргийг давхар гүйцэтгэдэг байв. 
Тухайн хичээлийн жилд шинэ тутам нээгдэж буй эдийн засгийн салбарын багшлах боловсон хүчний бодлогод тухайн үед захирал байсан док (Sc.D) дэд профессор Д.Моломжамц нилээд нухацтай хандаж МУИС-ийн ЭЗС-ийн тэнхимүүдэд суралцаж байгаа төгсөх ангийн оюутнуудтай очиж ярилцан сургуульдаа багшаар ажиллахыг уриалж явсан гэдэг. Ингэж явахдаа буюу 2001 оны эхээр өөрийн шавь нарын нэг болох Ховд нутгийн бүсгүй Б.Жаргалсайханыг “Ирээдүй” дээд сургуулиас урвуулан Эрдэнэт хотын иргэн болгож, нягтлан бодох бүртгэлийн анхны багшаа бэлтгэсэн түүхтэй.
Мөн тухайн үеийн Орхон аймгийн Санхүү хэлтэсийн дарга Д.Баяраатай Д.Моломжамц захирал маань ажил хэргийн шугамаар танилцан ярилцах үедээ “хааны албаны халаа дуусвал” сургуульдаа ирж ажиллахыг урьсан нь ёсоор болж 2001 оны 2-р сард багш нарын баярын үеэр жижигхэн биетэй шавилхан “дарга” багш болохоор МУИС-ийн зүг жолоо залж менежментийн хичээл заахын зэрэгцээ эдийн засгийн тэнхимийг удирдах үүрэг ногдож, ажлаа хүлээн авсан гэдэг.
Ийнхүү “Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхлэх болсонтой холбогдуулан 2001 оны 02-р сарын 09-ний өдрийн МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн захирлын 07 тоот тушаалаар Эдийн засгийн тэнхмийг байгуулж, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн анхны багшаар Бизнесийн удирдлагын ухааны магистр, Мэргэшсэн Нягтлан Бодогч Б.Жаргалсайхан[4]-г, тэнхмийн эрхлэгчээр Д.Баяраа[5]-г авч ажиллуулснаар Эдийн засгийн тэнхимийн тулгын чулуу бүрэлдэж, 4 багштайгаар сургалт, эрдэм судлалын  үйл ажиллагаагаа явуулах болжээ.
Эдийн засгийн тэнхим нь тус хичээлийн жилд анги, кабинет, ажлын байрны хүрэлцээ хангамж тааруу байснаас Орос хэлний тэнхимийн хамт олонтой нэг өрөө (одоогийн Орос хэлний кабинет №223 тоот)-нд баруун жигүүрийг нь эзлэн үйл ажиллагаагаа явуулж байгаад өрх тусгаарлан Орос хэлний тэнхимийн хажуугийн жижиг өрөөнд үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг. Тэр үед одоогийн сургуулийн байрын зүүн талын корпуст сургууль маань үйл ажиллагаагаа явуулж байсан юм[6].
                Тус хичээлийн жилд “Нягтлан бодох бүртгэл”-ийн мэргэжлийн ангийн сургалтын төлөвлөгөөгөөр мэргэжлийн хичээл 1-р ангид заагдахгүй байсан тул олж бэлтгэсэн багш нар болох Д.Баяраа, Б.Жаргалсайхан нарын сургалтын А цагийн төлөвлөлтийг хангах үүднээс “Нягтлан бодох бүртгэл”-ийн 220 цагийн түр сургалтыг зохион байгуулж, уг сургалтанд 24 хүн хамрагдан төгсөж байжээ.
2001-2002 оны хичээлийн жилд Боловсролын сайдын 2001 оны 06-р сарын 13-ны өдрийн 194 тоот тушаалаар “Бизнесийн менежмент” мэргэжлийн ангийг шинээр нээснээр эдийн засгийн салбар дээрх хоёр мэргэжлээр оюутан элсүүлэх болж оюутны тооны өсөлт, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээл заагдах болсон зэрэгтэй холбоотойгоор шинээр компьютер-мэдээлэл зүйн багшаар Б.Буянжаргал[7] -ийг, санхүүгийн багшаар М.Баярхүү[8] -г, статистикийн багшаар Т.Элдэв-Очир[9] -ийг, эдийн засгийн онолын багшаар Я.Цолмонбаатар[10] -ыг, биеийн тамирын багшаар Р.Гантулга[11] -ыг, хичээлийн туслах ажилтнаар Л.Баасандорж[12] -ийг тус тус авч ажиллуулжболовсон хүчний хангамж хүрэлцээг дорвитойгоор нэмэгдүүлсэн бөгөөд ийнхүү тус хичээлийн жилээс Эдийн засгийн тэнхим нь 10 багштай болсноор ажлын өрөөгөө томсгож 209 тоот өрөө (одоогийн 206 тоот)-г тохижуулан үйл ажиллагаагаа явуулах болсон байна.
2012-2013 оны хичээлийн жилд Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь 14 багш(үүнд: Тэнхмийн эрхлэгчээр ахлах багш МНБ, ТИНБ, аудитор Л.Баасандорж, багшаар МНБ, ТИНБ С.Отгонсүрэн, МНБ, ТИНБ Д.Оюунтуяа, МНБ, аудитор М.Бямбадорж, МНБ М.Батсүх, МНБ, ТИНБ З.Баттуяа, МНБ, ТИНБ Э.Даваа-Очир, МНБ, ТИНБ Д.Отгонцэцэг, ТИНБ Б.Үнэнбат, Т.Батдорж, МНБ Д.Отгонбаатар, МНБ, ТИНБ М.Мөнхнаран, МНБ Э.Вандандулам, МНБ Б.Ган-Эрдэнэ нар), 1 хичээлийн туслах ажилтан(эрх зүйн багш, магистр Б.Отгонтөгс), бакалаврын өдрийн I-IV түвшний  330 орчим оюутан, бакалаврын эчнээ I-III түвшний100 гаруй оюутан, I-II түвшний 60 гаруй магистранттайгаар сургалт, эрдэм судлалыг үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд багшлах боловсон хүчин нь 100% магистрын зэрэгтэйгээс 86 % нь докторантурт суралцаж байна. Түүнчлэн багшлах боловсон хүчний 86% нь Монгол улсын Мэргэшсэн Нягтлан бодогч (МНБ), 57% нь Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан бодогч (ТИНБ), 14 % нь аудитор багш нар байна. 

No comments:

Post a Comment